Wednesday, June 1, 2011

Салхины дотоод тал

Цаг хугацаа үхэл дундуур урсаж, тэдний огтлолцох тэр хоромд бид амьдарч амжина. Тэр л ганцхан агшинд би чам руу тэмүүлж, хязгааргүй тэнгисээр гэрлийг чиг болгон чам руу сэлнэ. Гэхдээ, хэзээ ч чамд хүрч чадахгүйн гачлантай. Яагаад гэвэл бидний хооронд ус биш цаг хугацаа урсаж байгаа учраас, үхлээр хязгаарлагдсан өөр өөр огтлолд оршин буй учраас...Би гэдэг маань чи, чи гэдэг нь би. Миний ахуй - бороон дундуур гарсан салхины хуурай үлдсэн ДОТООД тал. Чиний ахуй - Мөчир доор чинь мянгантаа цагираглах могойноос сүүдрээ харамласан МОД.


Review By Хатантөмөр Б.

Хөх шувууны жиргээ

Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ. Битгий бод, аяндаа бүх зүйл чамд харагдана.
ЗҮГЭЭР Л АМЬДАР.

Postremo

Шууран өнгөрөх он цаг амсхийхэд

Шувуудыг хүлээх зуураа

Моддын биед шингэнэ.

Тэгээд чамаас

Сүүдрийг чинь гуйн

Тэндхийн ертөнцийн

Сонин хачнаас хөөрөлдөнө.

Гучин жилийн өмнө

Надаас явсан ертөнцөд

Гуниг зовлон одоо

Байгаа эсэхийг асууна.

Тэгээд өөрийн тухай ярина.

Тэнүүчлэн буй салхийг чамд бэлэглэнэ.

Хүүхдийнхээ хүүхэд болж төрөхөөсөө урьд

Хүйтэн ч гэлээ улаан уруулаараа үнсэнэ.

Цаг нь болоод явахаар завдах чамд

Цаг хугацааг зогсоон хайртай гэж шивнэнэ.

06.01.11 Хатантөмөр Б.

Wednesday, May 25, 2011

Хөх шувууны жиргээ

Будда хэлжээ. Амьдрал нь бүхэлдээ зовлон бөгөөд түүнээс хагацах арга зам нь жир амьдралаас хагацаж, гэгээрэл буюу Брахманд хүрэх. Брахман нь бүх зүйлд оршиж, бүх зүйлийг өөртөө агуулагч, хувиралгүй, мөнх шинж чанартай. Тиймээс гэгээрлийг төв рүү очих үзэгдэл, эсвэл хөдөлгөөнөөс зогсонги руу тэмүүлэх явдал хэмээн үзэж болох юм.

Сааруулагч хүчин зүйлс ( хүсэл тачаал, шунал ) нь бүгд тэмүүлэгч хөдөлгөөнтэй зүйлс. Харин " жинхэнэ бодит байдал " нь хөдөлгөөнгүй.

Тэгвэл амьдрал "жинхэнэ бодит байдал" дээр тогтох боломжтой эсэх?

Хөдөлгөөнгүй рүү тэмүүлэх шалтгаан?

Хүний сэтгэлзүйн үндсэн шинж чанар үүнд зохицох боломж?