Monday, January 10, 2011

Хундаганы үг

Болор хундагыг
Сараар дүүргээд
Бодлогогүй,
Гэнэхэн,
Хааяа давилуухан
Залуу настай,
Чамтай
УУЯ...

Ганцаардалдаа шатсан Шуманны төлөө
Гариг андуураад тарчилсан Бодслерийн төлөө
Гал халуун дурлалын золиос Дантегийн төлөө
Ганцхан өөртэйгөө л ойлголцсон Кафкагийн төлөө

Тэдний дурлалт бүсгүйчүүлийн төлөө...
Амур гээчийн сумнаас үхлийн шарх олоод
Алаг зүрхнийхээ халуухан нулимсаар бичсэн
"Би чамд хайртай" гэх захидлыг
Битүүхэн инээмсэглэлтэй нь хамт
Тоомжиргүй гэгч нь чулуудчихдаг
Тэр, танхилхан гарны төлөө...


Дараа нь хүн төрөлхтний төлөө...
"Амьдрал"-ын тоосонд дарагдсан
Амьгүй чулуун хөшөөнүүд
Өөрөөсөө өөр хэнийг ч харахааргүй
Өөдрөг, дээгүүр харцтангууд
Сэтгэл хөдлөл, хайр дурлалыг мартчихсан
Сэнтийнээсээ өөр явах газаргүй БУРХАД.

Эцэст нь, амтат дарсны төлөө
Хүнээр дүүрэн ч хүйтэн хорвоог
Халуунаар дүүргэх шидний чинь төлөө
Хүсэл байвч хөл хүрэхгүй тарчлахад
Хөөрхийлөн тайтгаруулах халамжийн чинь төлөө.

Ганцхан чи л надтай хань болж
Ганцаардлыг минь надтай хуваан
Уух юм даа...

Төлөө... Хатантөмөр Б.

No comments:

Post a Comment