Шүлэг
нойрны цагаар Тэр орь ганцаар зогсоно.
Тэгээд
алс тэртээд орших дугуй хэрэмт хотыг олж үзэн тийш зүглэлээ.
Хэрмийн
гадна хүрэхэд бүжиг дуу бялхан, инээд хөөр халгиж, пийпаа хөгжмийн чимээ
цуурайтан жингэнэх сонстоно. Тэр хотын хаалгыг тогшиход хаалгыг сахигч хэдэн
хүн үүдийг нээв.
Цааш
явж байгаад Тэр чулуун баганатай гантиг цагаан байшинг олж үзэв. Багануудыг
цэцгэн эрихээр чимж, агар модон бамбараар гэрэлтүүлжээ.
Чингээд Тэр байшинд явж орлоо.
Чингээд Тэр байшинд явж орлоо.
Мана
чулуун танхимаар дайран, хаш чулуун танхимыг өнгөрөөд гүнцэг хүртэх танхимд
ороход сарнай цэцгийн титэм асаасан нэгэн залуу усан ягаан буйдан дээр налайх
аж. Мөнөөх эрийн уруул уусан дарсандаа улайжээ.
Хэвтэж
буй эр лүү дөхөн очоод мөрөн дээр нь гараа тавин өгүүлрүүн: “Ямар учраас чи ийн
аж төрнөм?”
Залуу эр эргэн хараад, түүнийг танив бололтой:
“Урьд би уяман өвчтэй байлаа, харин та намайг эдгээсэн. Өөрөөр би яаж амьдрах
билээ?”
Чингээд
Тэр залуу эрийг орхин гадагш гарлаа.
Хэсэг
яваад өмсгөл зүүсгэл, нүүр царайгаа будаж, сувдан гутал жийсэн нэгэн бүсгүйтэй
таарав. Хос өнгөт нөмрөг хэдэрсэн нэгэн эр ангаа гэтэх араатан мэт бүсгүйн ардаас
алгуурхан дөхнө. Бүсгүйн царайг шинжвээс наран ургаж, саран гэрэлтмээр цэвэрхэн
сайхан, харин залуугийн нүдэнд хүсэл тачаал гал мэт дүрэлзэх аж.
Тэр
залуу руу яаран очоод гарт нь хүрэн: “Ямар учраас чи энэ бүсгүйг тачаадан
ширтнэм?” хэмээв.
Мөнөөх
эр эргэн хараад, түүнийг танив бололтой: “Урьд би сохор байлаа, харин та намайг
эдгээсэн. Би өөр юуг халиах сан билээ?”
Чивэлт
эрийг тэнд нь орхиод бүсгүй рүү гүйхээрээ очиж, будаг шунх болсон хувцасных нь
хормойгоос татан зогсоогоод ийн хэллээ: “Энэхэн биеэ даруу төлөв авч яван, эр
заяат хүмүүнийг нүглээс хэлтрүүлж болохгүй гэж үү?”
Бүсгүй
эргэн хараад, түүнийг танив бололтой: “Нүглийг минь та нэгэнт ариутгачихсан,
нарт хорвоод жаргаж явбал барав бус уу?”
Ийнхүү
Тэр хотыг орхин одвой.
Тэгтэл
хотоос гардаг замын хажууд нэгэн хүмүүн уйлж буйтай учрав.
Мөнөөх
хүн дээр очоод гэзгийг нь илбэн ийн асууруун: “Та юунд уйлнам?”
“Нэгэнтээ
би нас нөгчсөн билээ. Гэтэл та намайг үхлээс амирлуулсан. Одоо би уйлахаас өөр
яах билээ?”
Орчуулсан: Б.Х
No comments:
Post a Comment