Хүсэл тэмүүлэл, зориг зүрх минь
Хуйлран шаагиснаа замхран одохыг мэдрэх гэж
Маргааш гэж үгүй, өчигдөр гэж үгүйг
Магад одоо гэдэг л үнэнээр оршдгийг ухаарах гэж
Хэн ч үгүй, юу ч үгүй өрөөнд
Хэсэгхэн ч гэсэн өөртэйгөө байж үзэхсэн
Бодол минь хэмхрэх чимээг чагнаад,
Бусад гэдэг маань хэнсэн билээ гэж эргэлзэх гэж,
Хөндий хоосон цээжинд минь хаа нэгтээ дуслах
Хөөрхийлөлтэй хэдэн дурсамжаа хүнийх юм шиг ажиглаад
Хэн ч үгүй, юу ч үгүй өрөөнд
Хэсэгхэн ч гэсэн өөртэйгөө байж үзэхсэн.
Эргэн тойрны бүх зүйлс алга болж,
Энэ орчлон тэр чигтээ надаас зугтахад
Элдвийн дүрээ хуучин хувцас шигээ тайлан шидчихээд
Ээ дээ, энэ чинь л би байж шүү дээ гэж хашхираад
Хэн ч үгүй, юу ч үгүй өрөөнд
Хэсэгхэн ч гэсэн өөртэйгөө байж үзэхсэн.
Б.Х
"Шизофрений үеийн шүлгүүд"
2018.07.20 16:54
❤️
ReplyDelete