Wednesday, March 21, 2018

БУДАГГҮЙ ЗУРААЧИЙН ӨЧИЛ



Эрт балрын сэрэхүйд
Утаан тахил өргөн,
Онгод дуудаж,
Хүч нэмэхийг гуйн
Хохимой толгойтын зүрхээр
Барьцаа болгон,
Өгүүлрүүн;

“ Харанхуй дунд бүдчихэд минь
Цучил хайрлаач
Үүтгэл рүүгээ очих зам
Хичнээн хол
Хичнээн хэцүү.
Эс бөгөөс,
Энэ орчлонг устгах хүч хайрлаач.
Зовлон зүдгүүр, аз жаргал,
гэмт хэрэг, нинж сэтгэл,
завхайрал, дахиад завхайрал,
адгийн шунал, өгөөмөр зан,
авсаа урлаж суугаа хөгшин,
манцуйдаа уйлах балчир,
эр, эм,
хөгшин залуу,
харь элэг,
хамаатан садан,
Гайхамшгийг бүтээгч,
эргээгээд нураагч,
хайр сэтгэл,
атгаг санаа.
Аль нэгийг нь онцолж,
тал өгөхгүйгээр
ав адилхан, зэв зэрэг
бүгдийг урсгая.

Тэгээд амар амгаланг авчиръя.
Тэнд ямар ч чимээ үгүй.
Үзэгдэх дүрс үлдээх нь битгий хэл
Совинд бараагүй болцгоог.
Тэр амар амгаланд
Юу ч үгүй.
Угтаа амгалан нь ч үгүй, амар нь ч үгүй.
Хэн ч үгүй юу ч үгүй ахуйд,
Би ч үгүй.
Үг тэнд үл оршино.”


Бараан үүлээр захаа эмжсэн тэнгэр дүлий дүмбэ оргин, сааралтан дүнсийх ажгуу.


Зураач:

“Ядахнаа,
Үг үл оршигч ертөнцийг
Цаасан дээр буулгах
Авьяас хайрлаач.
Очих заяагүй юм бол,
Харж сэтгэлээ дэвтээе.
Гучин жил, үгүй ээ
Гучин живаа жил гуйланчилсан би,
Дахиад гуйя.
Анх би эхээсээ
Амьдрал гуйж ирсэнсэн,
Дараа нь би хайр асуусан,
Давраад бүр үхлийг ч хүсч үзлээ.
Хүлээсэн бүхэн ирдэггүй нь жам юм.
Хүссэн бүхэн биелдэггүй нь жаргал юм.
Энэ удаад, эцсийн удаа
Бурхан, чөтгөр, хүн, амьтан, бирд
Үзэгдэх хийгээд үл үзэгдэгч бүхнээс,
Өнгөрсөн болоод ирээдүйгээс......

Ганцхан зүйлийг аминчлан сураглая.

Надад бийр өгөөч,
Бас бэх хэрэгтэй.
Зураг зурах уран гар,
Ширээ сандал,
Өөр юу юу ч билээ,
Хараал идмэр,
Гагц зургийг бүтээхэд
Гарцаагүй хэрэгтэй зүйлсийг надад өгөөч.”


Бүүдийсэн тэнгэрт цагаан гэгээ сүүмэлзэж, (угтаа тохиолдол ч байж болох), аажуухан тодорсоор, нар үгүй атал эргэн тойрон цав цагаан гэрлээр бүрхэгдсээр, удалгүй бүх зүйл алга болж зөвхөн гэрэл үлдэв. (эсвэл зөвхөн өөрт нь тэгж санагдсан ч магад.)


Эцэст нь зураач гэртээ сэрлээ,
Энэ бүхэн зүүд төдий байв уу?
Хурц гэрлийн үзүүр замхрах мэт санагдахад
Худал биш, үнэн гэж өөртөө шивнэлээ.

Даанч,
Ширээ нь хоосон.



Б.Х


"Шезофрений үеийн шүлгүүд"


2018.01.13 02:43

No comments:

Post a Comment