Saturday, June 4, 2011

Farewell

Чи явж байна. Миний бодсоноос ч удаанаар, магадгүй үүрд ч байж магад...


Чамайг тогтоон барьж чадахгүй, битгий яваач гэж хэлэх эрх надад байхгүй. Үүр шөнөөр шүлэг бичин гунихарч асан сайхан цаг хугацаа, чамтай хамт явна. Урьд нь ямар байх талаар төсөөлөөгүй явжээ. Байнга л чамайг харан, үүндээ сэтгэл ханан явах юм шиг сэтгэж. Гүн ангалаас доош унан, юу болохыг таамаглаж ядан байна. Гэхдээ, нэг зүйл тодорхой. Доор яав ч сайн зүйл байхгүй. Магадгүй ингээд л бүх зүйл дуусах мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу ч дуусахгүй, шарх нь анилаа ч сорви нь байнга зовиурлах болно. Дараа дараагийн учралууд ямар байхыг мэдэхгүй. Гэхдээ нэгэнт чулуужчихсан зүрх дахин хайрлах нь юу л бол...


Эцэст нь нэг л зүйлийг гуйя. Баяртай, энэ үгийг л битгий хэлж үз. Зүгээр л яваад өг. Юу ч битгий бод. Намайг битгий өрөвдүүлээч гэж бурхнаас гуйя. Хэзээ мөдгүй тэсрэх гээд байгаа сэтгэлд зөөлөн сэтгэлийн үнэр үзүүлчих юм бол би гэдэг хүн бүрмөсөн үгүй болчих нь.


Чам шиг хүйтэн өвлийн шөнө. Хатантөмөр Б.



Wednesday, June 1, 2011

Салхины дотоод тал

Цаг хугацаа үхэл дундуур урсаж, тэдний огтлолцох тэр хоромд бид амьдарч амжина. Тэр л ганцхан агшинд би чам руу тэмүүлж, хязгааргүй тэнгисээр гэрлийг чиг болгон чам руу сэлнэ. Гэхдээ, хэзээ ч чамд хүрч чадахгүйн гачлантай. Яагаад гэвэл бидний хооронд ус биш цаг хугацаа урсаж байгаа учраас, үхлээр хязгаарлагдсан өөр өөр огтлолд оршин буй учраас...Би гэдэг маань чи, чи гэдэг нь би. Миний ахуй - бороон дундуур гарсан салхины хуурай үлдсэн ДОТООД тал. Чиний ахуй - Мөчир доор чинь мянгантаа цагираглах могойноос сүүдрээ харамласан МОД.


Review By Хатантөмөр Б.

Хөх шувууны жиргээ

Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ. Битгий бод, аяндаа бүх зүйл чамд харагдана.
ЗҮГЭЭР Л АМЬДАР.

Postremo

Шууран өнгөрөх он цаг амсхийхэд

Шувуудыг хүлээх зуураа

Моддын биед шингэнэ.

Тэгээд чамаас

Сүүдрийг чинь гуйн

Тэндхийн ертөнцийн

Сонин хачнаас хөөрөлдөнө.

Гучин жилийн өмнө

Надаас явсан ертөнцөд

Гуниг зовлон одоо

Байгаа эсэхийг асууна.

Тэгээд өөрийн тухай ярина.

Тэнүүчлэн буй салхийг чамд бэлэглэнэ.

Хүүхдийнхээ хүүхэд болж төрөхөөсөө урьд

Хүйтэн ч гэлээ улаан уруулаараа үнсэнэ.

Цаг нь болоод явахаар завдах чамд

Цаг хугацааг зогсоон хайртай гэж шивнэнэ.

06.01.11 Хатантөмөр Б.

Wednesday, May 25, 2011

Хөх шувууны жиргээ

Будда хэлжээ. Амьдрал нь бүхэлдээ зовлон бөгөөд түүнээс хагацах арга зам нь жир амьдралаас хагацаж, гэгээрэл буюу Брахманд хүрэх. Брахман нь бүх зүйлд оршиж, бүх зүйлийг өөртөө агуулагч, хувиралгүй, мөнх шинж чанартай. Тиймээс гэгээрлийг төв рүү очих үзэгдэл, эсвэл хөдөлгөөнөөс зогсонги руу тэмүүлэх явдал хэмээн үзэж болох юм.

Сааруулагч хүчин зүйлс ( хүсэл тачаал, шунал ) нь бүгд тэмүүлэгч хөдөлгөөнтэй зүйлс. Харин " жинхэнэ бодит байдал " нь хөдөлгөөнгүй.

Тэгвэл амьдрал "жинхэнэ бодит байдал" дээр тогтох боломжтой эсэх?

Хөдөлгөөнгүй рүү тэмүүлэх шалтгаан?

Хүний сэтгэлзүйн үндсэн шинж чанар үүнд зохицох боломж?


Saturday, April 30, 2011

Цас орж байна, чагна даа...

Чи яг л

Ээж шиг минь...

Амар амгалангийн туйл

Бүйвэйн дуу аялах шиг

Аядуу зөөлөн гараараа

Айдас бүхнээс хамгаалдаг шиг...

Хүмүүс чамайг

Xүйтэн л гэдэг...

Цагаахан ширхэгүүдээрээ

Бүгээн аялгуу тоглоод

Цаг хугацааг зогсоочихдог чи

Бүхнээс дулаахан.

Яг л хайр шиг...


Цас орж асан нэгэн орой. Хатантөмөр Б.

Түүнд

Уйтгарт хорвоогийн
Түмэн явдлын
Учгийг олох гэж
Гайхсаар л байна уу,
Мод минь.
Маргааш үхэх ч
Өнөөдөр инээдэг
Хүүхдүүд,
Магад чамтай уулзахгүй ч
Хайрласаар байдаг
Цогцос.
Төгсгөлгүй замыг харсан ч
Алхсаар буй
Бадарчин,
Төгс үгүйг мэдэрсэн ч
Хайсаар буй
Зүрх.
Хэрэггүй дээ,
Зүгээр л орхичих.
Хэнзхэн зүрхээ баясгацгаан
Тоглоцгоож л байг,
Тэд.
Утгагүй хорвоод
Амт оруулдаг
Уртаас урт
Дуусдаггүй тоглоомоо
Тоглоцгоож л байг,
Мод минь.

Найрагч найздаа зориулав. Хатантөмөр Б.

Bluebird's diary

Гэрэл дэндүү уйтгартай. Бурхан ч ялгаагүй. Хэтэрхий цагаан, гэм нүгэлгүй нь миний дургүйг хүргэж байна. Харьцуулахад, шулам, чөтгөр, амттай, бодьтой. Өнөөг хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий дэврүүн, тэнэг учраас бурханг шүтэж, бүгдийг цагаан байгаасай хэмээн хүсэх болжээ. Тэгээд амьдралын мөн чанар болон, өөрсдийн дотор орших тэр зүйлээсээ татгалзан, улмаар хүн хэмээх ухагдахууныг үүнээс чөлөөлөгдөх үйл явц гэх болж. Бүх зүйл зөв байрандаа, дэлхий жамаараа эргэж байсан бол өнөөгийн бидний бузар булай гэх зүйлсийг шүтэх ёстой асан...

Бидний үнэлэмж, үнэт зүйлс, ёс суртахуун БҮХЭЛДЭЭ хоосон, хэнд ч хэрэггүй эд. Ганцхан үнэн гэж буй, тэр нь БАЙГАЛЬ. Тэр л зөвхөн ХУУЛИЙГ тогтоож, мөн устгаж чадна.

БАРДАМ АМТ, арчаагүй хүн бүгдийг эрхшээсэн мэт санах ч, үнэндээ ЮУГ Ч өөрчлөх чадамжгүй, өчүүхэн амьтан шүү дээ. Юуны чинь хүний тогтоосон хууль байгалийг давж гарах. Эцгээ мэдэхгүй төөрөлдөж буй хүн төрөлтний тоглоом нэг л өдөр дуусахдаа дуусна. Аман зоргоор чалчиж, хууль гэдгээр нэгнээ хайрцаглаж буй явдал заавал задрана. Учир нь ТЭНД дүрэм гэж байдаггүй юм, индивидуал зөвхөн өөртөө л захирагддаг мөн чанартай.

Libintia pulchra

Бүхнээс үзэсгэлэнтэй, бүхнээс ухаантай, мөрөөдлийн бүсгүй, төсөөллийн дүр минь.

Бүгд чамд дургүй ээ, би мэднэ.

Гэхдээ чи хэзээ ч сэтгэлээр унаагүй, бардам, ихэмсэг, хүйтэн, нууцлаг тэр л зангаараа.

Хором бүрийг чамтай өнгөрөөхийг хүсэх авч...

Уучлаарай Либинтиа.

Эгшин зуурийн тачаал

Вэнус, Бэллона, Вэста руу хөтлөөд болохгүй нь.

Гэхдээ чамаас

хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч

Урвахгүйг минь чи мэдэж байгаа.

Vita amoena.

Monday, January 10, 2011

Залуус дүү нартаа захиж хэлэх хэдхэн үг

Нэг их ч хөгшин биш л дээ, өөрийнхөө үзэж харсныхаа туулсан амьдралынхаа хэрээр л хэдэн үг сараачив.

  1. Зарим нь сонирхлоороо, зарим нь эцэг эхийн хүсэлтээр уран зохиол сонирхож эхлэх гэж байгаа, эсвэл эхэлсэн байх. Яг одоо ЗОГС. Хэзээ ч чамд хэрэг болохгүй. Амьдралаа бод дүү минь. Ганцаардал гэж зүйлийг байнга мэдрэхийг хүсээгүй л юм бол, хүн бүхний далд гадуурхалт, үзэн ядалт, доош харсан харцыг амсмааргүй л байгаа бол, яг одоо ЗОГС.
  2. Романтик дурлалдаа халуураад Шекспир, Дантег сонирхож байна уу, утгагүй санаагаа хая. Тэр хүмүүс чинь эмэгтэй хүнд бус, ганцаардалдаа шатаж байсан юм. Насан туршдаа дурлалын шуурганд хийсч, түүнээс өөрийг бодохгүй амьдрах, эсвэл халуун амиа түүний л төлөө зориулах. Романтик сонсогдож байгаа биз. Гэхдээ эгэл нийгэмд үүнийг чинь солиорол гэж үздэг юм. Жинхэнэ амьдралд чи магад Ромео, гэхдээ чамд Жульет чинь хэзээ ч олдохгүй.
  3. Зарим нэг зүйлс нь сонирхолтой, нууцлаг, ер бусын санагдаад филисофи сонирхчих гээд байна уу, эсвэл ганц хоёр сэтгэгчийн намтар олж уншчихаад л чамайг соронздоод байна уу наадах чинь. Бурхан минь гэж Сократ, Күнзээс л илүү битгий цаашлаарай. Найз минь чи наад нийгэмдээ сайн анд нөхөдтэйгөө, сайхан мөрөөдөл, хайр дурлалтайгаа үлд дээ. Энэ бүгд утгагүй санагдсан бол одоо яая гэхэв.
Чамайг би хүмүүстэйгээ л үлдээсэй гэж бодож байна. Харьцангуй амархан, чамд хөгжилтэй, надад уйтгартай наад дэлхийдээ. Магадгүй хүн хүний л дунд амьдрах гэж төрсөн байх, үүнээс гажсаныг нь бурхан дэндүү хатуу шийтгэдэг ч юм бил үү, хэн мэдлээ....

Гарчиггүй

Анхны бөгөөд сүүлчийн үнсэлт,

Тасарсан товчинд үлдсэн

Чиний царай...


Хүйтэн амьсгалаас биесээ аврах

Тэр л АГШИН.


Харц дальдрам

Гал улаан өнгө

Чиний нулимс...


Сэтгэлийг минь эгшин зуур булааж асан ч,

цогц болох тавилангүй төсөөллийн дүрдээ

Хатантөмөр Б.

Хундаганы үг

Болор хундагыг
Сараар дүүргээд
Бодлогогүй,
Гэнэхэн,
Хааяа давилуухан
Залуу настай,
Чамтай
УУЯ...

Ганцаардалдаа шатсан Шуманны төлөө
Гариг андуураад тарчилсан Бодслерийн төлөө
Гал халуун дурлалын золиос Дантегийн төлөө
Ганцхан өөртэйгөө л ойлголцсон Кафкагийн төлөө

Тэдний дурлалт бүсгүйчүүлийн төлөө...
Амур гээчийн сумнаас үхлийн шарх олоод
Алаг зүрхнийхээ халуухан нулимсаар бичсэн
"Би чамд хайртай" гэх захидлыг
Битүүхэн инээмсэглэлтэй нь хамт
Тоомжиргүй гэгч нь чулуудчихдаг
Тэр, танхилхан гарны төлөө...