Saturday, December 22, 2012

Өлсгөлөн буюу GOD IS DEAD


Зүрх
Үхэж байна...
Оройн хоолонд хэрэглэх
Сайхан амттан...
Хар перец цацчихъя
Гашуун амтыг нь
Дарж магад...
Сэтгэл хаачлаа?
Оройн зоог
Хамт барих
Ёстойсон...
Хайр...
Хөөрхөн хүүхний
Хөлөнд наалдаад
Тоос болчихсон
Замхарчихсан...

Чи хаана байна?
Хаана байна?
Хоёр хоногийн өмнө
Цусаараа
Махаараа
Дайлаад байсан гуйлгачин
Аваад явчихаж...
Хүлээсээр л...
Даанч тэр
Цовдлуулчихсан.

By Хатантөмөр Б.

Tuesday, May 1, 2012

Ex Drummer

Ёолкны мод шиг хачиргүй жинхэнэ ертөнц, элдэв янзын маяг үгүй жинхэнэ адгууслаг хайр, жинхэнэ хөгжим, жинхэнэ хүмүүс, fallen angels. Дэлхий дээр ганцхан өнгө, хар, бусад нь хуурамч. Харин хар өнгө ганцхан төрөл бишийг харуулсан бүтээл. Hail Brusselmans. 

Гурван тахир дутуу эр (гэхдээ гитар тоглож, дуулахтайгаа)  алдарт зохиолч, хуучин бөмбөрчин (Ex Drummer) Дрис (Дрис ван Хеген тоглосон)-тэй уулзаж, тэдний хамтлагт бөмбөрчин хэрэгтэй байгаа тухай хэлснээр кино эхэлнэ. 
Басс гитарчин нь татанхай гартай, дуучин нь дультраа хэлтэй ба эмэгтэй хүнийг алах хоббитой, харин гитарист нь сонсголын хувьд асуудалтай бөгөөд засрашгүй хар тамхичин. Нэг үгээр хэлбэл тэд зохиолчийн яг эсрэг тал, азгүй амьтад, хог шаарууд. Тэд Дрисийн нэр хүндээр амжилт олохоор бодсон ба Дрис ч үүнийг мэддэг. Гэсэн ч тэр уг хамтлагт орохоор шийддэг. Харин орохын тулд тэрээр тахир дутуу байх шаардлагатай ба түүний тахир дутуу нь бөмбөр тоглож чаддаггүй байх аж. 

Үүнээс цаашаа бичихгүй ээ, өөрснөө үзэцгээ. Ямартаа ч энэ кино чиний үздэг хуурамч хайр дурлалын тухай кино огт биш. Ганцхан хар өнгөөр үргэлжлэх энэ кинонд улиг болтлоо сонсдог сайхан сэтгэл, нөхөрлөл, үнэнч шудрагын хэлтэрхий ч байхгүй. Зөвхөн бодит байдал, тэгээд бодит байдал. 

Гэрэл хуурамч, гэрлийн үүсгэж буй өнгүүд ч хуурамч. Хэрвээ чи гэрэл дотор амьдардаг тэрнээсээ өөр зүйл харж чадахаа больчихсон, өөрөөсөө бусдыг харахыг хүсдэггүй бол энэ киног үзээд хэрэггүй. Гэхдээ чиний мэдэхгүй ертөнц бас байдаг юм гэдгийг ойлго. Харанхуй ямар үзэсгэлэнтэй, ямар энхрий гээч. Түүнчлэн энэ кинон дээр гарч буй дүрүүд ч мөн адил. Тэдэнд бусад шиг хуурамч зүйлс хэрэггүй. Тэд бол та нарын нэрлэдэг азгүй амьтад, гаж хүмүүс биш жинхэнэ сахиусан тэнгэрүүд. 

Review by Хатантөмөр Б.

Saturday, June 4, 2011

Farewell

Чи явж байна. Миний бодсоноос ч удаанаар, магадгүй үүрд ч байж магад...


Чамайг тогтоон барьж чадахгүй, битгий яваач гэж хэлэх эрх надад байхгүй. Үүр шөнөөр шүлэг бичин гунихарч асан сайхан цаг хугацаа, чамтай хамт явна. Урьд нь ямар байх талаар төсөөлөөгүй явжээ. Байнга л чамайг харан, үүндээ сэтгэл ханан явах юм шиг сэтгэж. Гүн ангалаас доош унан, юу болохыг таамаглаж ядан байна. Гэхдээ, нэг зүйл тодорхой. Доор яав ч сайн зүйл байхгүй. Магадгүй ингээд л бүх зүйл дуусах мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу ч дуусахгүй, шарх нь анилаа ч сорви нь байнга зовиурлах болно. Дараа дараагийн учралууд ямар байхыг мэдэхгүй. Гэхдээ нэгэнт чулуужчихсан зүрх дахин хайрлах нь юу л бол...


Эцэст нь нэг л зүйлийг гуйя. Баяртай, энэ үгийг л битгий хэлж үз. Зүгээр л яваад өг. Юу ч битгий бод. Намайг битгий өрөвдүүлээч гэж бурхнаас гуйя. Хэзээ мөдгүй тэсрэх гээд байгаа сэтгэлд зөөлөн сэтгэлийн үнэр үзүүлчих юм бол би гэдэг хүн бүрмөсөн үгүй болчих нь.


Чам шиг хүйтэн өвлийн шөнө. Хатантөмөр Б.



Wednesday, June 1, 2011

Салхины дотоод тал

Цаг хугацаа үхэл дундуур урсаж, тэдний огтлолцох тэр хоромд бид амьдарч амжина. Тэр л ганцхан агшинд би чам руу тэмүүлж, хязгааргүй тэнгисээр гэрлийг чиг болгон чам руу сэлнэ. Гэхдээ, хэзээ ч чамд хүрч чадахгүйн гачлантай. Яагаад гэвэл бидний хооронд ус биш цаг хугацаа урсаж байгаа учраас, үхлээр хязгаарлагдсан өөр өөр огтлолд оршин буй учраас...Би гэдэг маань чи, чи гэдэг нь би. Миний ахуй - бороон дундуур гарсан салхины хуурай үлдсэн ДОТООД тал. Чиний ахуй - Мөчир доор чинь мянгантаа цагираглах могойноос сүүдрээ харамласан МОД.


Review By Хатантөмөр Б.