Олон жил өнгөрчээ. Дурсамж бүгд зүүдний орондоо хургаж, алив ганц нэг нь намайг зовоохоор зүрхэн дээр минь сүүдрээ тусган дааруулна. Үгүй яг зовлон мөн ч юм уу. Хэзээ мөдгүй зогсох нь гэлтэй, хамаг чадлаа шавхан түчигнэх зүрхийг минь дурсамжийн бараан сүүдэр аргадаад ч байгаа юм шиг, цааш яв гэж урамшуулаад ч байгаа юм шиг. Зовлон жаргалыг ялгахаа больтлоо хөгширч дээ муу зүрх минь.
Хувь заяаны зураг биднийг төөрүүлсээр Түрэгийн булшны хажууд зэрвэсхэн нэг учруулж билээ. Тэгэхэд би чамтай ийм удаан уулзаагүй гэдгээ, ямар их санаснаа ойлгосон юм. Өөр нэгэн хүн булшны түүхийг тайлбарлаж байлаа. Их дайны үеэр сөнөх нь тодорхой болсон аймгийн хан, хатан хоёрын гэрийг жанжин дайчид нь хүрээлэн зогсож, эрэлхэгээр тулалдаад цөм алуулжээ. Харин хан хатан хоёр энэ үед биесээ тэврээд орондоо хөлбөрч байсан аж. Хүрээлэн хамгаалж тулалдсаны учир нь мөнөөх хоёрыг нэг хором ч атугай удаан жаргаасай гэсэндээ л тэр. Түүнийг ийн ярихад би чамд хайртайгаа ойлгосон юм.
Аль эрт бидэн хоёр үнэнийг олохоор шийдэцгээж билээ, гэхдээ өөр өөрийн замаар. Тэгээд чи, эсвэл би сахил хүртэн лам болж, харин би, эсвэл чи гунигт амьдралын бараан өдрүүдийг өөрийнхөө туулахаар сэтгэл шулуудсан. Бидний уулзаагүй тэр бүх хугацаа ерөөс толгойд орж ирэхгүй байгаа болохоор хэн нь чухам хэн байсан бэ гэдгийг санах юм алга. Бас чи бидэн хоёр угтаа нэг л хүн шиг байдаг болохоор, бодох сэтгэх, санах сэрэх нь яг л ижил болохоор. Дараа нь би эсвэл чи нөгөөдөө хаш чулуун бөгж бэлэглэсэн, жижигхэн чулууны өөдөстэй хамт. Их л илбэ жигтэй чулуу байсан санагдана. Хүрсэн бүхнээ гэрэлтүүлж, орон зай, цаг хугацаанд нөлөөлж байсан. Гэвч би ер гайхаагүй, чи бид хоёрын учралаас илүү ид шидтэй юм гэж юу байхсан билээ?
Салахын өмнө, хэн нь ч байлаа даа, лам болсон нэг нь ингэж хэлсэн юм. Шашин бол “үнэн”-ий муухан хуулбар. Аль ч бурхан, ямар ч теологи бидний хэн бэ гэдгийг хэлж чадахгүй... Харин залбирал л цор ганц үнэн.
Би итгэсээн. Залбирсан. Чамтай дахин уулзаасай гэж өдөр бүр залбирдаг байсан. Гэхдээ уулзаагүй.
Харин одоо би “үнэн”-ийг ойлгож байна. Чиний эсвэл миний хэлсэн үг юутай үнэн бэ. Миний залбирлын хүчинд л чи сэтгэл дотор минь амьдардаг байж. Энэ бүх хугацааны дараа өөрийгөө хүртэл мартчихсан байхад чи сэтгэл минь байсаар л байна шүү дээ. Үүнээс илүү “үнэн” гэж хаа байх вэ?
No comments:
Post a Comment