Monday, February 8, 2016

Жинлvvр

Яалт ч үгүй чи жинлүүрийн орд юм аа. 
Юу хийвэл чамд таалагдахыг мэдэхгүй юм. Заримдаа чамд таалагддаг зүйлс хэсэг хугацааны дараа үзэн яддаг зүйл чинь болдог байж магадгүй. Үгүй ээ, би юу ч хийсэн чамд таалагдахгүй байгаа юм шиг санагдаад байна. Чи ч надад хайртай, магадгүй яг зэрэгцээд үзэн яддаг ч байж магадгүй. Гэхдээ л чиний надад хайртайг чинь мэдээд байна. Би ч гэсэн их эргэлздэг. Өмнө нь ч тэр, одоо ч тэр. Би өөрийгөө тэнэг гэж бодохгүй байгаа ч өөрийгөө ерөөсөө ойлгодоггүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаг хугацааг буцаах гэж мөрөөддөг хэдий ч ЯГ ОДОО тийм бодол төрөхгүй байгаадаа гайхаж байна. Гэвч, ЯГ ОДОО миний зүрхэн дотор зөвхөн чи байгааг мэдэж байна. 
Зүүдэндээ хүртэл би чамайг бодоод байна. Өөрийн мэдэлгүй. Бодол хүнээс төрдөг юм болов уу? эсвэл хаа нэгтэйгээс ирдэг юм болов уу? Тийм бол бодол үүсдэг, бодол ирдэг тэр газар луу явах юмсан. Бодол хэт бага байснаас хэт их байсан нь дээр юм. Тийм газарт оччих юм бол өөрийгөө өөрт хамаагүй баахан бодлоор дүүргэхсэн. 
Чи намайг өөртөө хайргүй гэж боддог. Тэгвэл яг одоо миний нүдийг чийгтүүлж байгаа энэ зүйл юу юм? 
Чи намайг сайн сайхан явааг харахыг хүсэх байсан байх. Чи ийм л сайн хүн. Бас хичнээн үзэн яддаг ч гэсэн надад халамж тавьсаар л байдаг. Би чиний хүссэн шиг жаргалтай, мөн сайн хүн байх гэж хичээсэн боловч чадахгүй юм байна өө. Тархи минь бодож чадахгүй, зүрх минь хатгуулж, амьсгалаа гүйцэд авч чадахгүй байхад би яаж чадах юм бэ? 
Гэхдээ би хичээнэ ээ, би чиний мөрөөдлийг биелүүлнэ гэдгээ амлаж байна. 
Бас энэ бичвэрийг дуусгамааргүй байна. Хэрэв тэгэх юм бол бүх зүйл ингээд л дуусчих юм шиг санагдаж байна. Надад аймар байна. 
Би эсвэл бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэсэн амиа бодсон этгээд юм болов уу? Бид хоёр өмнө нь зөндөө удаа энэ талаар ярилцаж байсан л байх. Гэхдээ чи ойлгодоггүй ш дээ. Чи ч гэсэн над шиг зөрүүд дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг. Жинлүүрийн ордныхон хэзээ ч шийдвэртээ бат байдаггүй юм. Чи хичнээн мэтгэлээ ч энэ бол үнэн. Зүгээр л чи зөрүүд зангаа шийдвэртээ үнэнч байна гээд бодчихож. Ёоё за больё. Дахиад л эхлэх нь. 
Яалт ч үгүй чи жинлүүрийн орд.

Sunday, March 31, 2013

Өвлийн гудам

Довтлон үлээх Ширүүн салхины Амьсгал бус

Доош харсан ч Ширвээд өнгөрөх Хүмүүсийн царай

Хүйтэн байна...

"Гудамжинд суух өнчин хүүгийн тэмдэглэл"

Б.Х

Saturday, December 22, 2012

Өлсгөлөн буюу GOD IS DEAD


Зүрх
Үхэж байна...
Оройн хоолонд хэрэглэх
Сайхан амттан...
Хар перец цацчихъя
Гашуун амтыг нь
Дарж магад...
Сэтгэл хаачлаа?
Оройн зоог
Хамт барих
Ёстойсон...
Хайр...
Хөөрхөн хүүхний
Хөлөнд наалдаад
Тоос болчихсон
Замхарчихсан...

Чи хаана байна?
Хаана байна?
Хоёр хоногийн өмнө
Цусаараа
Махаараа
Дайлаад байсан гуйлгачин
Аваад явчихаж...
Хүлээсээр л...
Даанч тэр
Цовдлуулчихсан.

By Хатантөмөр Б.

Tuesday, May 1, 2012

Ex Drummer

Ёолкны мод шиг хачиргүй жинхэнэ ертөнц, элдэв янзын маяг үгүй жинхэнэ адгууслаг хайр, жинхэнэ хөгжим, жинхэнэ хүмүүс, fallen angels. Дэлхий дээр ганцхан өнгө, хар, бусад нь хуурамч. Харин хар өнгө ганцхан төрөл бишийг харуулсан бүтээл. Hail Brusselmans. 

Гурван тахир дутуу эр (гэхдээ гитар тоглож, дуулахтайгаа)  алдарт зохиолч, хуучин бөмбөрчин (Ex Drummer) Дрис (Дрис ван Хеген тоглосон)-тэй уулзаж, тэдний хамтлагт бөмбөрчин хэрэгтэй байгаа тухай хэлснээр кино эхэлнэ. 
Басс гитарчин нь татанхай гартай, дуучин нь дультраа хэлтэй ба эмэгтэй хүнийг алах хоббитой, харин гитарист нь сонсголын хувьд асуудалтай бөгөөд засрашгүй хар тамхичин. Нэг үгээр хэлбэл тэд зохиолчийн яг эсрэг тал, азгүй амьтад, хог шаарууд. Тэд Дрисийн нэр хүндээр амжилт олохоор бодсон ба Дрис ч үүнийг мэддэг. Гэсэн ч тэр уг хамтлагт орохоор шийддэг. Харин орохын тулд тэрээр тахир дутуу байх шаардлагатай ба түүний тахир дутуу нь бөмбөр тоглож чаддаггүй байх аж. 

Үүнээс цаашаа бичихгүй ээ, өөрснөө үзэцгээ. Ямартаа ч энэ кино чиний үздэг хуурамч хайр дурлалын тухай кино огт биш. Ганцхан хар өнгөөр үргэлжлэх энэ кинонд улиг болтлоо сонсдог сайхан сэтгэл, нөхөрлөл, үнэнч шудрагын хэлтэрхий ч байхгүй. Зөвхөн бодит байдал, тэгээд бодит байдал. 

Гэрэл хуурамч, гэрлийн үүсгэж буй өнгүүд ч хуурамч. Хэрвээ чи гэрэл дотор амьдардаг тэрнээсээ өөр зүйл харж чадахаа больчихсон, өөрөөсөө бусдыг харахыг хүсдэггүй бол энэ киног үзээд хэрэггүй. Гэхдээ чиний мэдэхгүй ертөнц бас байдаг юм гэдгийг ойлго. Харанхуй ямар үзэсгэлэнтэй, ямар энхрий гээч. Түүнчлэн энэ кинон дээр гарч буй дүрүүд ч мөн адил. Тэдэнд бусад шиг хуурамч зүйлс хэрэггүй. Тэд бол та нарын нэрлэдэг азгүй амьтад, гаж хүмүүс биш жинхэнэ сахиусан тэнгэрүүд. 

Review by Хатантөмөр Б.