Friday, December 14, 2018

Чи болоод би

Олон жил өнгөрчээ. Дурсамж бүгд зүүдний орондоо хургаж, алив ганц нэг нь намайг зовоохоор зүрхэн дээр минь сүүдрээ тусган дааруулна. Үгүй яг зовлон мөн ч юм уу. Хэзээ мөдгүй зогсох нь гэлтэй, хамаг чадлаа шавхан түчигнэх зүрхийг минь дурсамжийн бараан сүүдэр аргадаад ч байгаа юм шиг, цааш яв гэж урамшуулаад ч байгаа юм шиг. Зовлон жаргалыг ялгахаа больтлоо хөгширч дээ муу зүрх минь. 

Хувь заяаны зураг биднийг төөрүүлсээр Түрэгийн булшны хажууд зэрвэсхэн нэг учруулж билээ. Тэгэхэд би чамтай ийм удаан уулзаагүй гэдгээ, ямар их санаснаа ойлгосон юм. Өөр нэгэн хүн булшны түүхийг тайлбарлаж байлаа. Их дайны үеэр сөнөх нь тодорхой болсон аймгийн хан, хатан хоёрын гэрийг жанжин дайчид нь хүрээлэн зогсож, эрэлхэгээр тулалдаад цөм алуулжээ. Харин хан хатан хоёр энэ үед биесээ тэврээд орондоо хөлбөрч байсан аж. Хүрээлэн хамгаалж тулалдсаны учир нь мөнөөх хоёрыг нэг хором ч атугай удаан жаргаасай гэсэндээ л тэр. Түүнийг ийн ярихад би чамд хайртайгаа ойлгосон юм.