Saturday, June 4, 2011

Farewell

Чи явж байна. Миний бодсоноос ч удаанаар, магадгүй үүрд ч байж магад...


Чамайг тогтоон барьж чадахгүй, битгий яваач гэж хэлэх эрх надад байхгүй. Үүр шөнөөр шүлэг бичин гунихарч асан сайхан цаг хугацаа, чамтай хамт явна. Урьд нь ямар байх талаар төсөөлөөгүй явжээ. Байнга л чамайг харан, үүндээ сэтгэл ханан явах юм шиг сэтгэж. Гүн ангалаас доош унан, юу болохыг таамаглаж ядан байна. Гэхдээ, нэг зүйл тодорхой. Доор яав ч сайн зүйл байхгүй. Магадгүй ингээд л бүх зүйл дуусах мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу ч дуусахгүй, шарх нь анилаа ч сорви нь байнга зовиурлах болно. Дараа дараагийн учралууд ямар байхыг мэдэхгүй. Гэхдээ нэгэнт чулуужчихсан зүрх дахин хайрлах нь юу л бол...


Эцэст нь нэг л зүйлийг гуйя. Баяртай, энэ үгийг л битгий хэлж үз. Зүгээр л яваад өг. Юу ч битгий бод. Намайг битгий өрөвдүүлээч гэж бурхнаас гуйя. Хэзээ мөдгүй тэсрэх гээд байгаа сэтгэлд зөөлөн сэтгэлийн үнэр үзүүлчих юм бол би гэдэг хүн бүрмөсөн үгүй болчих нь.


Чам шиг хүйтэн өвлийн шөнө. Хатантөмөр Б.



Wednesday, June 1, 2011

Салхины дотоод тал

Цаг хугацаа үхэл дундуур урсаж, тэдний огтлолцох тэр хоромд бид амьдарч амжина. Тэр л ганцхан агшинд би чам руу тэмүүлж, хязгааргүй тэнгисээр гэрлийг чиг болгон чам руу сэлнэ. Гэхдээ, хэзээ ч чамд хүрч чадахгүйн гачлантай. Яагаад гэвэл бидний хооронд ус биш цаг хугацаа урсаж байгаа учраас, үхлээр хязгаарлагдсан өөр өөр огтлолд оршин буй учраас...Би гэдэг маань чи, чи гэдэг нь би. Миний ахуй - бороон дундуур гарсан салхины хуурай үлдсэн ДОТООД тал. Чиний ахуй - Мөчир доор чинь мянгантаа цагираглах могойноос сүүдрээ харамласан МОД.


Review By Хатантөмөр Б.

Хөх шувууны жиргээ

Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ. Битгий бод, аяндаа бүх зүйл чамд харагдана.
ЗҮГЭЭР Л АМЬДАР.

Postremo

Шууран өнгөрөх он цаг амсхийхэд

Шувуудыг хүлээх зуураа

Моддын биед шингэнэ.

Тэгээд чамаас

Сүүдрийг чинь гуйн

Тэндхийн ертөнцийн

Сонин хачнаас хөөрөлдөнө.

Гучин жилийн өмнө

Надаас явсан ертөнцөд

Гуниг зовлон одоо

Байгаа эсэхийг асууна.

Тэгээд өөрийн тухай ярина.

Тэнүүчлэн буй салхийг чамд бэлэглэнэ.

Хүүхдийнхээ хүүхэд болж төрөхөөсөө урьд

Хүйтэн ч гэлээ улаан уруулаараа үнсэнэ.

Цаг нь болоод явахаар завдах чамд

Цаг хугацааг зогсоон хайртай гэж шивнэнэ.

06.01.11 Хатантөмөр Б.