Friday, September 9, 2022

 Арван дөрөвний дутуу саран мээмний товч шиг сэрийгээд

Аврал амлан хуурамч туяагаа тусгахад

Өдөр өдрөөр хагдарсаар байх цэцэг 

Өндийн тэмүүлсээр үндсээрээ тасран хийсвэй


Найраг үгүй намрын сарын хоосон учралд

Навчны амь тасрахыг үзэхдээ, бархасбадь эрхэс

Үүлэн хөшгөөр нүүрээ далдлан уйлсан ч 

Үүлгэр туяа нь улам тодрох нь гашуун аа

Friday, December 14, 2018

Чи болоод би

Олон жил өнгөрчээ. Дурсамж бүгд зүүдний орондоо хургаж, алив ганц нэг нь намайг зовоохоор зүрхэн дээр минь сүүдрээ тусган дааруулна. Үгүй яг зовлон мөн ч юм уу. Хэзээ мөдгүй зогсох нь гэлтэй, хамаг чадлаа шавхан түчигнэх зүрхийг минь дурсамжийн бараан сүүдэр аргадаад ч байгаа юм шиг, цааш яв гэж урамшуулаад ч байгаа юм шиг. Зовлон жаргалыг ялгахаа больтлоо хөгширч дээ муу зүрх минь. 

Хувь заяаны зураг биднийг төөрүүлсээр Түрэгийн булшны хажууд зэрвэсхэн нэг учруулж билээ. Тэгэхэд би чамтай ийм удаан уулзаагүй гэдгээ, ямар их санаснаа ойлгосон юм. Өөр нэгэн хүн булшны түүхийг тайлбарлаж байлаа. Их дайны үеэр сөнөх нь тодорхой болсон аймгийн хан, хатан хоёрын гэрийг жанжин дайчид нь хүрээлэн зогсож, эрэлхэгээр тулалдаад цөм алуулжээ. Харин хан хатан хоёр энэ үед биесээ тэврээд орондоо хөлбөрч байсан аж. Хүрээлэн хамгаалж тулалдсаны учир нь мөнөөх хоёрыг нэг хором ч атугай удаан жаргаасай гэсэндээ л тэр. Түүнийг ийн ярихад би чамд хайртайгаа ойлгосон юм.

Sunday, November 18, 2018


Цасны хялмаа
Нүд дальдчуулна.
Ай яасан ХҮЙТЭН!!!

Цаг нь болоод л
Өвөл ирээ биз дээ
Юунд ч гайхах вэ.

Дулаан хувцас базаагаагүй
Миний л БУРУУ!!!
Хэнийг зүхэлтэй?

Дундуурыг дүүргэх гэсээр
Өөрийгөө умартчихаж
Одоо яалтай!!!






2018 оны өвөл.
Б.Х

Амьдрал ингээд л дуусна


Амьдрал ингээд л дуусна.
Цэг тавихтай адил
Ашид гэж үгүйгээс хойш
Ялгаа юуны буй?

Унтаад сэрэхийн зуур
Зүүд болон ирчхээд
Учрал тохиолыг мөрөөсөн
Уйтгарлахын учир юун?